Friday, May 27, 2011

Чин сэтгэлээсээ хүс

Би одооноос 5 жилийн өмнөөс өөрийгээ хөгжүүлэх олон сургалтанд хамрагдаж ирсэн. Нэг цагийн 2000 ам.долларын цалинтай олон улсын сургагчийн 2 өдрийн хичээлд 60 ам.доллараар сууж билээ. Тэр хичээлээс хойш би их өөрчлөгдсөн, өөрөөр бодож сэтгэж амьдрах ёстой юм байна гэж бодож эхэлсэн юм. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ойлгосон. Та өөрөө л "чин сэтгэлээсээ хүсэх" юм бол бүгдийг хийж чадна. "Чин сэтгэлээсээ хүсэх" гэдэг асар чухал зүйл гэдгийг тэгэхэд бас ойлгож авсан юм. Хүсэл байхгүй бол та, би, хэн ч байсан юу ч хийж чадахгүй, таны гараас юу ч гарахгүй. Та ажилдаа дуртай бол, тэр ажлыг хийхийг хүсч л байвал та амжилтанд хүрнэ, хүссэн зүйлээ авч чадна.
Жишээ нь: Тамхичин архичин хүнийг хайртай хүмүүс нь, эмч нар гар гэж хичнээн удаа хэлсэн ч, сэнхрүүлсэн ч гардаггүй нь юунд байна вэ гэж асуувал би "тэр тамхичин, архичин хүн өөрөө л хүсэх юм бол больж чадна" гэж хэлмээр санагддаг юм. Өөр юу ч туслахгүй. Дээр нь Тэвчээр хэрэгтэй.
Чин сэтгэлээсээ хүсэх юм бол таны мөрөөдлийг хэн ч булаахгүй. Ер нь бид өөрөө өөрсдийнхээ мөрөөдлийг булаагчид нь байдаг, өөр хэн ч биш. Та хүсэх л юм бол зүлгэн дээр гишгэхгүй, гудманд шүлсээ хаяхгүй, тамхи татахгүй, архи уухгүй, бусдыг хайрлана, хүндэлнэ, халамжилна, ихийг сурч чадна, хүссэн ажлаа хийнэ, хүссэн амжилтандаа хүрч, хүссэн амьдралаараа амьдарна, эрүүл байна, бусдад тусална, дан өөрийгээ бус бусдыг боддог болно....
Бидний ямар байх нь хүслээс шалтгаалдаг. Та амжилттай хүн байя гэвэл болж чадна. Жирийн нэг хүсэх биш чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ хүн ажил болгодог, гүйцэтгэл болгож чаддаг, үйлдэл хийж чаддаг. Үйлдэл хийж эхэлнэ гэдэг бол мөрөөдөл, зорилгоо биелүүлэх алхам юм.
Хүсээгүй зүйлээ хэн ч хийдэггүй. Юу гэдэг билээ "Дургүйд хүчгүй" гэдэг байх аа.

Хүсэх л юм бол бид Монгол улсаа  хөгжүүлж чадна, учир нь үйлдэл хийнэ, үйлдэл нь зөв байна. Хүсэх л юм бол бид ногоон хотыг байгуулж чадна, хүсэх л юм бол бид замын дүрмээ зөрчихгүй, бие биесээ хүндлэн замын хөдөлгөөнд ордог болно, хүсэх л юм бол бид бие биедээ муухай үг хэлэхгүй, хэн нэгнийг муулахгүй, атаархахгүй, бусдын юманд шунахгүй, эдийн гол болохгүй, мөнгөний боол болохгүй, бусдын боол болохгүй, хүсэх л юм бол бид бүгдийг хийж чадна.

Тиймээс та яг одооноос эхлэн ХҮСЛЭЭ захирч сур, зөв зүйл хүсээд, тэрийгээ чин сэтгэлээсээ хүсэж чадвал хүн бүр сэтгэл хангалуун байх болно. Сэтгэл хангалуун, амар бол тэр жинхэнэ аз жаргал!!!!!

Tuesday, May 24, 2011

Зун болох нь уу...

Энэ өдөр буюу 2011 оны 5 дугаар сарын 24-ны оройн 6 цаг 12 минут болж байна. Гадаа бүрхэж, бороо шиврээд харанхуйлаад явчихлаа. Цас л битгий болоосой доо. Зун цаг эхэлсэн, зуны эхэн сарын 22ны өдөр гэх юм уг нь өнөөдөр бол. Даан ч зун эхлэх гэсээр их удаж байх шиг. Та бүгд ч гэсэн зунд дуртай байх. Саяхан хаана билээ юм уншиж байхад "Зун цаг бол бурханаас бидэнд өгсөн бэлэг" гэсэн байсан энэ үнэн шүү, тиймээ. Хурдан сайхан зун болоосой. Ногооны үнэр үнэртээд, зөөлөн салхи үлээгээд, хүүхэд хөгшид нарлаад л. Заримдаа ч сүүдэр хайхаар халуун ч мөн хэцүү шүү. Орох байх газар хайгаад л. Гэхдээ л зун гоё, намар ч гоё. Гэхдээ юун намар вэ, зун болоогүй байхад тээ.....

Хятадын алдарт уран зураач Цы Байши-гийн уран зургаас










Чухал нь юу юм бэ?

Хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл юу юм бол? Мөнгө үү, хайр уу, найз нөхөд үү, аав ээж үү, үр хүүхэд үү?
Хүн болгон янз бүрээр хэлнэ. Гэхдээ миний бодлоор Эрүүл мэнд. Та эрүүл байвал та өөрөө өөртөө хайртайн шинж. Өөртөө хайртай хүн, өөрийгээ хайрлаж чаддаг хүн бусдыг бас хайрладаг гэдэг дээ. Энэ зөв хэлсэн үг. Та эрүүл байх юм бол гэр бүлдээ санаа тавьж чадна, суралцаж чадна, ажил хийж, ихийг бүтээж чадна, хайртай хүмүүстэйгээ удаан амьдарч чадна, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг  хамгаалж чадна.....

Тэгвэл Та яаж эрүүл байх вэ? Таны бие эрүүл байхаас гадна сэтгэлгээ, хандлага эрүүл, зөв байх ёстой гэж бодогдож байна. Тэгвэл та бүхнийг хийж чадна, хүн бүр  таныг хүндэлнэ, танаас суралцана, хэзээ ч харамсахгүй амьдарч чадна.....
Яагаад харамсахгүй гэж асуух байх л даа? Үүнд та дараа хариулт авч чадна.
Эхний асуудлын хувьд биеэ хэрхэн эрүүл байлгах вэ? гэдэг асуултанд хариулт өгцгөөе. Та хамгийн сүүлд хэзээ урьдчилан сэргийлэх эмчийн, эмнэлгийн үзлэгт орсон бэ? та хамгийн сүүлд хэзээ спортоор хичээллэсэн бэ? гээд асуувал та нэгийг бодно. Би сүүлд түрүүний долоо хоногт шинжилгээнд орсон, эмэгтэйчүүдийн эмчид бас очсон юм байна. Жирэмсэн байхдаа 2008 онд уушигны зураг авахуулаад үзүүлсэн чинь "ийм эрүүл уушигны зураг хараагүй их удсан байна" гэж билээ. Баярласан гэж. Түрүү долоо хоногийн эмч ч гэсэн эрүүл байна. Ямар ч өөрчлөлт алга гэж хэлсэн. Пап тест өгсөн юм би. Жилд 1 удаа өгөөд явах ёстой л гээд дандаа сонсдогдоо бид эмэгтэйчүүд. Эрүүл байна билээ би. Энэ нь ч учиртай. Энэ тухай дараа хэлье.
Бид урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр ороод сурчихвал "дараа нь харамсахгүй" байж бүрэн чадна. 10 жил үзүүлэхгүй яваад, жаахан энд тэнд нь хатгуулаад, толгой жаахан өвдөөд, өргөн хатаад, цөс өтгөн байна, таргалаад байна гээд л яваад байдаг бид нар, магадгүй таны эргэн тойронд тийм хүн их байгаа байх. Ингэж тоохгүй, өөртөө хайргүй явсаар байгаад магадгүй эдгэрэхгүй өвчин тусдаг. Сингапурын 1 нэртэй эмнэлэгт элэг шилжүүлэн суулгахад 250 000 ам.доллар гэж гарч байсныг санаж байна. Гэтэл бидний дундаас энэ мөнгийг гаргаад өгөх бэл бэнчинтэй хүн хэр олон билээ. Гэтэл амьд баймаар, амьдармаар байдаг. Тэгвэл жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт ороод байсан бол элэг шилжүүлэн суулгах дээрээ тулах уу. Таны эдийн засагт ч хор багатай. Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт ороод байхад 50 000 төгрөг 100 000 төгрөг өөртөө гаргана гээд бодъё. Өвчин байвал эрт оношлуулаад эмчилгээ ч сайн аваад эдгэрнэ биздээ. Ингэж чадахгүй бол дараа нь давж дийлэхгүй мөнгө хэрэгтэй  болно, бас дээр нь элэг ээ өгөөд байх хүн ч олдохгүй. Нээрээ шүү. Машины сэлбэл шиг дэлгүүр бүрт байдаг ч юм биш энэ бидний эд эрхтэн чинь, тийм биздээ.
Гэтэл бид яадаг билээ, машиндаа болохоор хамгийн сайн тос, масло, бензинийг олж хийдэг байж өөрийнхээ биед хямдхан юм хийх гэж дайрна. Өвдсөний дараа биш, эрүүл байхдаа мөнгө зарж сурцгаая. Тэгвэл та эрүүл байдлаа урт удаан хадгалж, хайртай хүмүүстэйгээ сайхан сэтгэл амар чанартай урт наслана. Ихийг ч хийж чадна, сайхан ч амьдарна. Амьдралын утга учир бол эрүүл байхаас эхлэнэ. ЭРҮҮЛ байхдаа өөртөө МӨНГӨ ЗАР.
1/ урьдчилан сэргийлэх үзлэгт ор
2/ биологийн идэвхит нэмэлт хүнс хэрэглэ
3/ байнга инээж бай
4/ спортоор хичээллэ

Үргэлжлэл бий бий.......

Monday, May 23, 2011

Та өөрөө өөртөө төлж чаддаг уу

Та баян болохыг хүсдэг үү? Та хүссэн юм аа авахыг хүсдэг үү? Та их мөнгө олохыг хүсдэг үү?

Эдгээр асуултанд хариулахаасаа өмнө та өнөөдөр хэдэн төгрөгний цалин гар дээрээ авч байгаагаа мэддэг үү? Яагаад энэ асуултыг асууж байна вэ гэхээр зарим хүн гар дээрээ яг хэдийг авдагаа мэддэггүй байдаг юм билээ. Би тийм хүнтэй таарч л байсан.

Тэгвэл та баян байх, их мөнгөтэй байх, хүссэн юм аа худалдаж авах нь та өөрөө өөртөө төлж чаддаг эсэхээс, мөн таны мөнгө их олохоос биш  харин таны зардалаа хэрхэн тооцож байгаагаас л  хамаардаг. Яаж өөрөө өөртөө төлөх вэ? Хэрхэн зардал аа тооцож мэдэх вэ?

Нэг үгээр бол та баян байх нь их мөнгө олохоос хамаарахгүй харин бага зардал гаргаснаас хамаарна гэсэн үг.

Та сард 300 000 төгрөг олдог ч бай, 600 000 төгрөг олдог ч бай яг адилхан зараад л дуусдаг, магадгүй цалингаас цалингийн хооронд зээл тавьдаг байх. Заримдаа 1 000 000 төгрөгний цалин ч багаддаг. Яагаад гэвэл та их олсоноороо баян байдаггүй, харин бага зарсанаара баян байдаг.
300 000 төгрөгний цалинтай хүн өдөрт 1000 төгрөгөөр хоолонд ордог бол 600 000 төгрөгний цалинтай хүн 3000 төгрөгөөр магадгүй 1 000 000 төгрөгний цалинтай хүн 10 000 төгрөгөөр хоол иддэг гэхээр сард  хэдэн ч төгрөг авсан та ижилхэн үрдэг.  Хэрэглээ өндөрсөөд үнэ ихтэй зүйл худалдаж авдаг, орлого ихсэх тусам зардал өндөрсдөг ч гэж ярьдаг. Тэгэлгүй яах юм бэ гэж бодож байгаа байх л даа. Тэгвэл энэ бодол оо түр хойш нь тавиад дараах зүйлийг уншаад үзээрэй.

Өөрөө өөртөө төл гэдэг нь та өөртөө дараа хэрэглэхээр цааш нь хий гэсэн үг. Банкинд хадгаламж хийж болно, Хөрөнгийн  бирж дээр хувьцаа худалдаж авч болно, хүнд хүүтэй зээлүүлж болно гэх мэт.
Тэрийг та өөрөө сонго. Гэхдээ заавал их мөнгө цааш нь гээгүй байна. 10 000 байхад болно. Гэхдээ тогтмол хийнэ шүү. Цалин бүрээсээ 10 000 төгрөг гэвэл сард 2 удаа цалин авдаг бол 20 000 төгрөгийг хадгаламжиндаа хий. Яаж цааш нь хийх вэ дээ өдөр хоногоо яая гэ байхад гэж хэлэх хүн олон байж магад, гэхдээ та өөрөө өөртөө төлж байгаа, ирээдүйгээ баталгаатай байлгахын тулд, гэнэтийн зайлшгүй үе гарахад бэлэн байх гэж та заавал эхлээд өөрөө өөртөө төл. Цааш хийх мөнгө гардаггүй гэж бодож байгаа бол тийм мөнгөн хүнд болгонд гардаг, та тамхи татдаг бол тамхиа хаяад тэр мөнгөө цааш нь хадгал, магадгүй дэлгүүр хэсэж хэрэггүй зүйлд мөнгө зардаг бол тэрийгээ больчих, шоколад, амттан авдаг бол түүнийгээ ч больчих. /бүр болих биш багасга/ Гэх мэтээр таньд заавал мөнгө хэмнэх боломж байдаг. Мөнгө яаж, хаанаас илүү гаргаж мэдэхгүй байгаа бол нэг зөвлөгөө өгье. Та яг одооноос эхлэн өдөр бүрийн зардал аа бичээд үз, өдөр бүрийн шүү. Унаа, хоол, ундаа, бохь, тамхи, амттан авсан, шүдээ үзүүлсэн, талх авсан гээд л жагсаагаад бай. Ингэхээр та ямар зүйлд их мөнгө зараад байгаагаа, юуг нь хэмнэж болохыгоо харж чадна.
Банкинд хадгаламж нээхдээ бүх банкны хадгаламжийн хүүг цаг гаргаж, сайтар судал. 0,1 хувийн илүү хүү амлаж байгааг би лав урьд нь тоодоггүй, гэрийн ойр, ажлын ойр гээд бага байсан ч сонгодог байсан бол МУИС-ийн 1 багшийн лекцнээс хойш чухал юм байна гэдгийг мэдсэн. Ийм бага зөрүүтэй хол байрладаг банк байсан ч түүнд хадгаламж нээ. Өгөөж нь хамаагүй өндөр гарах вий.  5 жилийн дараа авах өгөөж гэж бодвол өндөр гарч байна билээ тооцоогоор нь.
Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад өндөр хүү амлах банк бол /хэт өндөр хүү/ эргээд илүү эрсдэл дагуулдаг юм шүү. Үүнийг санахад илүүдэхгүй.

Харин хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг олох тал дээр та энэ талаар илүү их судлах хэрэгтэй. Монголын хөрөнгийн бирж /МХБ/ дээр өдөр бүр арилжаа явагдаж байгаа. Сүүлийн үед Лондонгийн хөрөнгийн биржтэй /ЛХБ/ хамтарч ажиллах гэж байгаа, бүх иргэд Таван толгойн хувьцааг эзэмших болсон гэх зэргээр хүмүүс илүү сонирхож байгаа гэж итгэж байна.
МХБ-ийн цахим хуудас: www.mse.mn
Брокер дилерийн компаниа сонгоод зөвлөгөө авч болно.
АНУ-ын нэг том сангийн тэргүүн тэрбумтан хэлсэн байдаг өөрийн номондоо "Хөрөнгө оруулагч  байх гэдэг нь заавал их мөгөн хэрэггүй, би эмээгийнхээ зөвлөснөөр 7 настай байхдаа McDonald's-ийн 10 ширхэг хувьцааг худалдаж авч байсан. Харин одоо бол энэ компанийн нилээд хэдэн хувийг эзэмшдэг" гэжээ.

Дүгнээд хэлбэл та баян байя, хүссэн юмаа авдаг болъё гэвэл их мөнгө олох биш бага зарах хэрэгтэй юм байна, хадгаламж нээлгэх ёстой юм байна, зардлаа өдөр бүр тооцож сурах хэрэгтэй юм байна, хөрөнгө оруулагч байхын тулд их мөнгө хэрэггүй юм байна гэж ойлгосон бол энэхүү бичлэгийн үр дүн гарлаа гэж бодъё.