Monday, June 13, 2011

Өөрт байгаа зүйлдээ талархаж, түүнээсээ өдөр бүр аз жаргалыг мэдэр

Миний бодолд хааяа  янз янзын бодлууд заримдаа орж ирдэг юм. Жишээ нь би хэн бэ, юу хийж бүтээх ёстой вэ, хэн байх ёстой вэ, юу хийж чадсан бэ, юуг нь хийж чадаагүй вэ, цаашид юу хийх үү шинээр, нэгэн хэвийн ингээд яваад байх уу, хүүхдүүддээ юу сургах вэ, хаана сургах вэ, ямар хүн болох бол тэд маань, ажил дээрээ амжилт байна уу гээд л.....
Заримдаа хүмүүс хэлдэгдээ "хүн өөрт байгаа юм аа олж хардаггүй, гаднаас хайдаг" гэж. Магадгүй бид өөрийн байгаа ойр дотны хүмүүстээ, ажилдаа, өөрийн мэргэжилдээ, байрандаа, машиндаа, тэр бүү хэл хувцаснууддаа, энэ нь бүр цаашлаад өөртөө, амьдралдаа хүртэл сэтгэл хангалуун биш байдалд хүргэж болно. Гэтэл бидэнд хэдэн хувцас, хэдэн өрөө, хэдэн давхар, хэдэн метр квадрат байр, хэдэн машин хэрэгтэй вэ, яавал сэтгэл хангалуун болох вэ? гэвэл хэзээ ч сэтгэл ханадаггүй учир энэ бүх хэрэгцээ хэзээ ч хангагдахгүй. Энээ сэтгэл ханамжгүй байдлаа ТА ӨӨРӨӨ л зогсоож чадна. Та сайн тогтоод тайван бодох хэрэгтэй. Та хэвтээд үздээ хэдэн метр квадрат хэрэгтэй юм шиг байна, гадагшаа гарах болгондоо өөр өөр хувцас өмсөх зайлшгүй шаардлага хэрэгтэй гэж үү, тэртусмаа 1 сая төгрөгний LV цүнх хэрэгтэй юу, ганцаараа магадгүй гэр бүлээрээ суусан ч нэг машинд багтахгүй байна уу, эсвэл заавал 100 000 долларын унаа хэрэгтэй гэж үү? Та сайн тунгаадаа. Та энэ хүний хорвоогоос явахдаа тэр бүхнээ аваад явна гэж үү? Чадах уу? Ингэж хэлэхээр зарим хүн "нэг л амьдрана шүү дээ, тэгж амьдрахдаа хүнээс дутахгүй сайхан амьдрах хэрэгтэй" гэж хэлдэг байх. Та сайн тунгаан бодоод үзээрэй. Хэт их туйлширч, зөвхөн эд мөнгө, эд хөрөнгөний төлөө амьдарч байгаа гэж үү бид?
Эсхүл хийсэн зүйлтэй, бүтээсэн буянтай үйлстэй үлдвэл байвал бид хойч үедээ гэж томрохгүй ч  өөрийн үр хүүхэддээ зөв хүн болох, зөв аьдрах үлгэр болгож тэдэнд амьдрах чадвар үлдээх нь магад. Заримдаа хүүхдүүд бидний зарим нэгний адил Brand  ярих, том байшин, машин хувцас хунар ярих нь ихэссэн нь ажиглагдаад байгаа. Бид өөрсдөө үүнийг зааж өгч байгаа, тийм биш гэж үү?
Бид өөртөө байгаа зүйлдээ талархаж байх ёстой, хажуудах ханьдаа, хүүхдүүддээ, аав ээждээ, найз нөхөддөө, ажилдаа, хамт олондоо. Байгаль дэлхийдээ, уул усандаа мөргөж, шүтэх ёстой. Хажуудах хүнээ /гэр бүл, найз нөхөд..../ байгаагаар нь  хүлээн авч, хүндэтгэж, хайрлаж чадвал та хэнээс ч илүү аз жаргалтай байгаагаа харах болно. Таны хажуудах хүн дахиж төрөхгүй, тантай учрах ёстой болоод л учирсан байгаа. Тэр бүү хэл гудманд цүнх, хормой шүргээд өнгөрөх үл таних хүн ч таны урьд насны магадгүй аав, ээж, ах дүү, хайртай хүн чинь байсан байж магадгүй.
Энхзулын дуулсан дуу байдаг даа. "Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй" гэж. Бидний чухалчилж үзэх зүйл бол эд мөнгө, эд хөрөнгө, нэр төр биш, харин таны дэргэд байгаа хайртай хүмүүс, хэзээ ч харж тааралдаж байгаагүй үл таних хүн заяанд  төрсөн ХҮН юм.